Монгол улсад анхны Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим байгуулагдлаа

МУБИС  анх БСШУЯ-ны дэмжлэг тусламжтайгаар 2013-2014 оны хичээлийн жилээс “Тусгай хэрэгцээт боловсролын багш”-ийн ангийн 1 жилийн хөрвөх сургалтыг, 2015-2016 оны хичээлийн жилээс 3,5 жилийн бакалаврын сургалтыг тус тус зохион байгуулж эхэлж байсан билээ.

Монголын нийгмийн өнөөгийн нэн тэргүүнд тулгамдсан асуудлуудын нэг болох бүх нийтээрээ эрх тэгш сурч боловсрох, хөгжих хэрэгцээ шаардлагын нэг бүрэлдэхүүн хэсэг болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмшүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн энэ чиглэлийн нарийн мэргэжилтэн багш нарыг бэлтгэх үйл хэрэгт томоохон хувь нэмэр болохуйц түүхэн үйл явдал 2017 оны 12-р сарын 05-ны өдөр боллоо. Энэ нь Монголын анхны Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн нээлтийн ёслолын арга хэмжээ байв.

2017 оны 12 сарын 05 ны өдөр болсон энэхүү нээлтийн ёслолын арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүрэлцэн ирж оролцон “Тусгай хэрэгцээт боловсрол”-ын тэнхимийн эрхлэгчээр томилогдсон доктор, дэд проф. Г.Батцэнгэлд тэнхмийн самбарыг гардуулан өгч баяр хүргэж, бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.

“Тусгай хэрэгцээт боловсролын багш” /ТХБ/-ийн 3,5 жилийн бакалаврын сургалтыг шинээр нээх нийгмийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож бодлогоор дэмжсэн МУБИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал дэд проф. Х.Тамир, шинэ мэргэжлийг “бойжуулан” хөгжүүлэх, элсэлт, анги зохион байгуулалт, сургалтын орчин бүрдүүлэхэд хүчин зүтгэл гаргаж ирсэн БоСС-ийн захирал дэд проф. Г.Цогзолмаа, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, тусгай боловсролын багшийн мэргэжлийн онцлогийг ойлгож, шинэ тэнхим үүсгэн байгуулахад гар бие оролцсон Насан туршийн боловсролын тэнхимийн эрхлэгч дэд проф. С.Эрдэнэцэцэг, Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан ажилласан Сургалт судалгаа аргазүйн төвийн багш, сэтгэл судлалын ухааны доктор дэд проф. Г.Батцэнгэл, НААЗТ-ийн багш доктор Ч.Байгалмаа болон бусад багш нартаа баяр хүргэж, гүн талархал илэрхийлж цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

Өнгөрсөн хугацаанд 1 жилийн хөрвөх сургалтад 93 багш суралцаж төгссөн бөгөөд энэ хичээлийн жилд 1 жилийн хөрвөх сургалтаар 22 багш, 3,5 жилийн бакалаврын сургалтад 1,2,3-р курсийн нийт 61 оюутан сурч байна.

Тус үйл ажиллагаанд БСШУС-ын сайдын зөвлөх доктор Д.Мөнхбат, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга доктор Т.Амаржаргалан, МУБИС-ийн захирал доктор Д.Мандах, МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд проф. Х.Тамир, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор, проф. Д.Наранцэцэг, МУБИС-ийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд проф. Ц.Бурмаа, МУБИС-ийн Захиргаа хүний нөөцийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Сүхболд, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал, доктор дэд проф. Г.Цогзолмаа, СӨБС-ийн захирал доктор, дэд проф. Л.Ганцэцэг, БаС-ийн захирал доктор дэд проф. Ц.Дэлгэрсайхан, ДУТС-ийн захирал доктор, дэд проф. А.Энхмаа, МБУС-ийн захирал доктор, дэд проф. О.Алтангоо, НТБ-ын тэнхмийн эрхлэгч доктор, дэд проф. С.Эрдэнэцэцэг нар болон боловсрол судлаач ахмад болон үе үеийн эрдэмтэн судлаач багш нар, ТХБ-ын ангийн оюутнууд, төгсөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцон шинэ тутам байгуулагдаж буй тэнхимийг халуун дотноор хүндэтгэн хүлээн авч, баяр талархлаа дэвшүүлсэн юм.