СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ 55 НАС ХҮРЛЭЭ

Монгол улсад цэцэрлэгийн багш бэлтгэх эрдмийн уурхай болсон СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ хагас зууныг эзэлсэн түүхт 55 жилийн ойгоо 2017 оны 10-р сарын 13-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэлээ. 
Тэртээ 1962.06.12-ны өдөр Гэгээрлийн яамны сайдын 172 тоот тушаалаар Цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх бие даасан сургууль байгуулагдсан нь өнөөдрийн СӨБС юм. Тэр цагаас эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар 55 жилийн түүхэн замналыг бид хамтдаа туулжээ. Энэ хугацаанд тус хамт олон багшлах боловсон хүчин, сурч ажиллах орчин, сургалтын нөөц хэрэглэгдэхүүн, сургалт-судалгааны үйл ажиллагааны чанарыг улсын болон дэлхий нийтийн эрэлт хэрэгцээ хийгээд хөгжлийн чиг хандлагад нийцүүлэхэд чиглүүлэн ажилласаар ирсэн.
1962-1991 он хүртэл 8-р анги төгсөгчдийг элсүүлж, 3 жилийн хугацаатай суралцуулан, тусгай дунд мэргэжлийн боловсролтой “Хүмүүжүүлэгч багш” 1991-1992 оноос УБИС-ийн харъяа Цэцэрлэгийн багшийн коллеж болсноор 10-р анги төгсөгчдийг элсүүлж, 3 жилийн хугацаатай суралцуулан, дипломын зэрэгтэй “Цэцэрлэгийн багш арга зүйч” 1994-1995 оны хичээлийн жилээс эхлэн “Тусгай дунд боловсролтой цэцэрлэгийн багш” нарыг зэрэглэл олгох давтан сургалтад 1.5 жилээр суралцуулан боловсролын бакалаврын зэрэгтэй багш,
1996-1997 оны хичээлийн жилээс МУБИС-ийн бүрэлдэхүүн сургууль болж, МУБИС-ийн магадлан итгэмжлэлийн 01 тоот гэрчилгээг авч, БСШУЯ-ны 960016 тоот бүхий тусгай зөвшөөрлийн дагуу PST-140100 мэргэжлийн индекстэй “Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш” бакалаврын зэрэгтэй багшийг бэлтгэж байна.
2005-2006 оны хичээлийн жилээс магистрантурын сургалтыг тасралтгүй зохион байгуулж, удахгүй 2018 оноос докторын сургалт эхлүүлэхэд бэлэн болоод байна.
2014-2015 оны хичээлийн жилээс шинэ бүтэц зохион байгуулалтаар МУБИС-нь таван бүрэлдэхүүний сургууль болж, Сургуулийн өмнөх боловсролын сургууль нь Багшийн сургуулийн салбар сургууль болж гурван жил ажиллах хугацаанд сургалтын агуулга, арга зүйн шинэчлэл, оюутны бүртгэл мэдээллийн системийг нэвтрүүлэхээс гадна олон арваад ажлыг бид хамтдаа санаачлан хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрсээр байна.
СӨБС-ийн түүхэнд бид анх удаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их Сургуулийн салбар Эрээн хотын олон улсын дээд сургуулиас оюутнууд элсүүлж “Багш, СӨБ-ийн 2+2” хөтөлбөрөөр сурган анхны төгсөлтөө 2017 оны 06-р сард 23 хийж, өөрсдийн хөрөнгөөр 90 хүүхэд хүлээн авах чадалтай “Түшиц цэцэрлэг”-тэй болж, өндөр оноотой оюутнуудыг ЗГ-ын тэтгэлэгт хамруулж, “3,5+1,5” хөтөлбөрөөр бакалавр, магистрын зэргийг хамт авч төгсөх боломжийг олгоод байна.
2017-2018 оны хичээлийн жилээс СӨБС нь эргэн бие даасан сургууль болсон бөгөөд өдгөө 1400 оюутантай тэдгээрээс 82 магистрант, гадаад 42 оюутан, 31 багш, 20 ажилчид, 90 хүүхэдтэй түшиц цэцэрлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүнээс Засгийн газрын 71-р тогтоолоор МУБИС-ийн “Багш” мэргэжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 70% тэтгэлэгтэй 104, 100%-н тэтгэлэгтэй 2, 50%-н тэтгэлэгтэй эрэгтэй 2 оюутан мөн боловсролын зээлийн сангаар 62 оюутан тус тус хичээлийн жилд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэн суралцаж буйг онцлоход таатай байна.
СӨБС нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ,Япон зэрэг оронтой хамтран ажиллаж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, туршлага солилцох, зочин профессороор ажиллах, хамтын судалгаа хийх, хамтран сурах бичиг бичих зэрэг олон чиглэлд ахиц дэвшилтэй ажиллаж байна.
Энэ дашрамд мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд НҮБ-ын ЮНИСЕФ, Японы Хүүхдийг ивээх сан, Солонгосын КОЙКА, Азийн Хөгжлийн банк зэрэг бусад байгууллагуудын дэмжлэг, туслалцаанд гүн талархал илэрхийлье.
МУБИС-ийн СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн баярын мэндийг СӨБС-ийн бүх хамт олон, ахмадууд, үе үеийн төгсөгчдөдөө хүргэе.