МБУС-ИЙН БИОЛОГИЙН ТЭНХМИЙН ДЭРГЭД МОНГОЛ СОЛОНГОСЫН ХАМТАРСАН МОНИТОРИНГИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

БНСУ-ын Солонгосын Шинжлэх ухааны музей болон Хоннам, Чуннам их сургуулийн эрдэмтэн судлаачидтай МБУС-ийн Биологийн тэнхим 2012 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн үр дүнд судалгаа явуулсан газар нутгийн биологийн олон янз байдлын 3 ном, 5 өгүүлэл БНСУ-д хэвлэгдэж, 6 багш урт богино хугацаагаар судалгааны дээж боловсруулах ажлаар мэргэжил дээшлүүлж, 1 багш төслийн санхүүжилтээр Чуннам их сургуулийн докторантурт 2 дахь жилдээ суралцаж байгаа билээ. 
2016-2019 оны хооронд хамтран хэрэгжүүлэх “Монгол орны байгалийн өв, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл энэ оны хавраас эхэлж байгаа бөгөөд Биологийн тэнхмийн нийт 8 багш, 6 оюутан хамрагдан ажиллаж байна. Энэхүү төслийн танилцуулгын хүрээнд Биологийн тэнхим дээр Монгол Солонгосын хамтарсан мониторингийн төвийн нээлт боллоо. Уг нээлтэд БНСУ-ын Байгалийн өвийг хамгаалах газрын дэд ерөнхийлөгч Доо Пио Ли, Шинжлэх ухааны музейн ирээдүй төлөвлөлтийн хэлтсийн дарга, МБУС-ийн Хүндэт доктор Пэг Ун Ги тэргүүтэй төлөөлөгчид болон МБУС-ийн захирал доктор О.Алтангоо, Биологийн тэнхмийн багш нар байлцлаа. Тус Мониторингийн төв нь Монгол-Солонгосын эрдэмтэдийн хамтарсан хээрийн судалгааны материалыг боловсруулах, тус тэнхмийн багш, оюутнууд багаж тоног төхөөрөмжтэй танилцах, хэрэглэх, орчин үеийн судалгааны арга зүй, программ хангамж дээр ажиллаж сурах зорилготой МБУС-ийн захирал О.Алтангоо, тэнхмийн эрхлэгч М.Мөнхбаатар нарын санаачлагаар байгуулагдсан юм. 
Нээлтийн арга хэмжээний үеэр доктор Пэг Ун Ги Солонгосын засгийн газраас Монголд байгалийн түүхийн музейг барихтай холбогдуулан уг төсөлд МУБИС-ийн эрдэмтэн багш, судлаачдыг өргөнөөр оролцуулах тухай, шинээр хэрэгжиж эхэлсэн хамтарсан төслийн судалгааны тухай, Мониторингийн төвийн үйл ажиллагааны тогтвортой байдлын тухай, багш, судлаач, оюутнуудын мэргэжлийг дээшлүүлэх тухай ярилцсанаас гадна Биологийн тэнхимд тодорхой тооны хээрийн судалгааны иж бүрдэл аппарат, телескоп, жпс, майхан, компьютер гэх мэт багаж тоног төхөөрөмж бэлэглэжээ.