Нийгмийн ажлын сургалт Олон Улсын түвшинд хүрэв

Монгол улсад мэргэжлийн нийгмийн ажлын салбар үүсч хөгжсөн, МУБИС-д нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн баяр 2017 онд тохиож байна. Улс орнууд хүний хөгжлийн асуудлыг чухалчлан, тогтвортой хөгжлийнхөө бодлого, үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлж буй цаг үед бид амьдарч байна. Тогтвортой хөгжлийн зорилгод дэвшүүлсэн ядуурал, өлсгөлөнг зогсоох, хүний эрүүл аж төрөх байдлыг хангах, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, энх тайван, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг оролцоотой мэргэжилтнүүдийн нэг бол нийгмийн ажилтнууд юм.

“Нийгмийн эмч” гэгддэг нийгмийн ажилтнуудын хэрэгцээ шаардлага 1990-ээд оны нийгмийн шилжилтийн он жилүүдэд төрөн гарсан нь ажилгүйдэл, ядуурал, гэр бүл салалт, хараа хяналтгүй хүүхэд, сургууль завсардалт зэрэг нийгмийн цоо шинэ асуудлууд тулгамдаж эдгээр асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх өөрчлөлт шинэчлэлтийг шаардаж байсантай холбоотой. Түүнчлэн Монгол улс 1992 онд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахаар тунхаглан зарласан нь хүний эрх, эрх чөлөөг хангах, хүмүүсийг чадваржуулахын төлөө ажилладаг нийгмийн ажлын мэргэжилтний хэрэгцээг бий болгожээ.  
Монгол улсад мэргэжлийн нийгмийн ажлын салбар үүсч хөгжсөн өнгөрсөн хорин жилд нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэн сургах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулан сургалтад нэвтрүүлэх, нийгэм олон нийтэд тус мэргэжлийг сурталчлан таниулах, нийгмийн халамж, хамгаалал, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад үзүүлэх нийгмийн үйлчилгээний бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр ололт амжилт арвин байна. Өнөөдөр 16 их дээд сургуульд нийгмийн ажилтан бэлтгэгдэж нийгмийн үйлчилгээ  үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, эмнэлэг, нийгмийн халамжийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, хүний эрхийн байгууллагад нийгмийн ажилтнууд хүмүүсийн  сайн сайхны төлөө ажиллаж байна.     
Монголын нийгмийн ажлын дээд боловсролын түүчээ байгууллага МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил арга зүйн тэнхим байгуулагдсаныхаа 20 жилийн ойг угтан 20 бүтээлч ажил өрнүүлжээ. Тус тэнхим нь 2012 онд Монголд анх удаа нийгмийн ажлын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орсон бөгөөд 1997 онд байгуулагдсанаасаа хойш бакалаврын зэрэгтэй 620, магистрийн зэрэгтэй 156 мэргэжлийн нийгмийн ажилтныг бэлтгэн гаргаж, 2900 гаруй төрийн албан хаагч, практикийн ажилтнуудыг сертификатын болон богино хугацааны сургалтуудаар сургаж чадавхижуулсан байна. МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн хамт олон  хорин жилийн ойн баяраараа Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, БСШУСЯ, нийгмийн ажлын их дээд сургуулиуд, нийгэмлэг холбоодтой хамтран “Нийгмийн ажил- Нийгмийн сайн сайхан байдалд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Буддист шашинтай орнуудын нийгмийн ажлын талаар олон улсын судалгаанд оролцжээ. Тус тэнхим хүүхдийн эрх, хамгаалал, нийгмийн халамж хамгааллын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгож Монголын нийгмийн ажлын боловсролыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэх, нийгмийн бодлого, үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох олон санал санаачилгыг хэрэгжүүлэх итгэл төгс ажиллаж байна. Монгол улсад мэргэжлийн нийгмийн ажлын салбар үүсч хөгжсөн, МУБИС-д нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил арга зүйн тэнхим