"Оюуны мэлмий нээх гэгээн судар" номын нээлт болов

Багшийн сургуулийн ахмад багш, МУБИС-ийн "Хүндэт профессор" Г.Лхаахүү "Оюуны мэлмий нээх гэгээн судар" УБ 2016 он. номын нээлтээ 10-р сарын 14-ны өдөр МУБИС дээр хүндэтгэлтэйгээр хийлээ. Тэрээр энэ номоо 16 наснаасаа эхлэн монгол түмнээ бичигт үсэгт сургахаас эхлээд бага ангийн багшаас их сургуулийн багш болтлоо багшилсан 60 гаруй жилийн туршлага, мэдлэг, "Цагаан толгойн Лхаахүү" хэмээн нэрлэгдтэлээ бүтээсэн түүний 10 гаруй удаагийн "Цагаан толгойн" сурах бичиг, бага ангийн “Монгол хэл” сурах бичгийн зохиогчийн хувьд энэ бүх ажлын туршлага дээрээ тулгуурлан номоо туурвижээ.

Зохиогч номын өмнөтгөлдөө: "Та бүхний өмнө дэлгэж буй "Оюуны мэлмий нээх гэгээн судар" ном нь эцэг эх, багш, оюутануудад хүүхэдтэйгээ хамтран ажиллахад чиглүүлэгч болох төдийгүй, танхимаас гадуурх хүүхэд залуусыг суралцахад нь ач холбогдол өгнө гэдэгт итгэж байна" хэмээжээ. Номын нээлтэд профессор Г.Лхаахүү багшийн хамт олон, үе үеийн шавь нарын төлөөлөл, ахмад эрдэмтэн багш нар, гэр бүлийнхэн зэрэг олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцон баяр хүргэн зохиогчийн гараас номыг бэлэг болгон авч гүн талархлаа илэрхийлж байв. 

МУБИС-ийн “Хүндэт профессор” Г.Лхаахүү багш 60 гаруй жил багшлахдаа 6,7,8 настай хүүхдийн 1-р ангийн “Цагаан толгой” сурах бичгийг 8-10 удаа, “Монгол хэл” сурах бичгийг 1-4 удаа, “Хичээнгүй бичиг” заах аргын зөвлөмжийг 2 удаа, “Дадлага ажил” дэвтэрийг 5 удаа, “Цагаан толгой заах аргын зөвлөмж”, “Монгол бичиг заах аргын зөвлөмж”-ийг 1-4 удаа хэвлүүлэн сурагч, багш нар, эцэг эхчүүдийн хүртээл болгон түгээжээ. Ингээд эрхэм багшдаа үе, үеийн мянга, мянган хүүхэд багачуудын эрдмийн мэлмийг нээж, эрдэм ном сурах хосгүй үнэт өвийг үлдээж яваад МУБИС-ийн хамт олон, үе үеийн түмэн шавь нарынх нь өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.