Түүхэн товчоон

Улсын багшийн институт 1951 онд үүсгэн байгуулагдаж, дөрвөн тэнхимтэй үйл  ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд “Хэлбичгийн тэнхим”, “Түүх, нийгмийн ухааны тэнхим” гэсэн хоёр тэнхим нь манай НХУС-ийн тулгын чулууг тавьж байжээ. Эдүгээ МУБИС-ийн бүрэлдэхүүний нэг сургууль болон өргөжсөн манай салбарын хөгжлийн түүхэн товчоон эдүгээ бүтэц нь харъяалагдаж байгаа тэнхим, төвүүдийнхээ үүсэл хөгжилттэй ийнхүү салшгүй холбоотой. НХУС 8 тэнхим, 1 төвтэй.

Монгол хэлний тэнхим

Монгол Улсын эрдэм оюуны уурхай болсон Улсын Багшийн Институт 1951 онд эрдмийн үүдээ нээхэд тулгын чулууг тавилцсан ууган дөрвөн салбарын нэг нь Хэлбичгийн тэнхим юм. 1964 оноос Монгол хэл – уран зохиолын факультет болон өргөжихдөө дотроосоо өрх тусгаарлаж Монгол хэлний тэнхим, Уран зохиолын тэнхим гэсэн хоёр бие даасан тэнхим болжээ. Улмаар 2001 оноос тус факультетийг МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг “Монгол судлалын сургууль” болгосон түүхтэй. Энэ үеэс “Монгол хэлшинжлэлийн тэнхим” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2013 оноос МУБИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр НХУС-ийн харьяанд нэгдэж, “Монгол хэлний тэнхим” нэртэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна.

Утга зохиол - Сэтгүүл зүйн тэнхим

Улсын Багшийн институт 1951 онд анх байгуулагдахад эх сууриа тавьсан ууган тэнхимүүдийн нэг юм. 1964 он хүртэл “Монгол хэл, уран зохиолын тэнхим” гэж нэрлэгдэж байгаад, тухайн оноос “Утга зохиолын тэнхим” болж бие даасан зохион байгуулалтад оржээ. 2006 онд тус тэнхимээс “Сэтгүүлзүйн тэнхим” бие даан өрх тусгаарлаж байв.

2014 онд МУБИС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу “Утга зохиолын тэнхим” болон “Сэтгүүлзүйн тэнхим” эргэн нэгдэж, МУБИС-ийн НХУС-ийн “Утга зохиол – Сэтгүүлзүйн тэнхим” нэрээр шинээр зохион байгуулагдсан билээ.

Түүхийн тэнхим

 

1951 онд Улсын Багшийн Институт байгуулагдахад Марксизм-Түүхийн кабинет байгуулсан нь одоогийн Түүхийн тэнхмийн эх үүсэл юм. Анхны эрхлэгчээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн профессор Жамбын Батмөнх ажиллаж байв. 1957 онд Улсын Багшийн Дээд сургууль болгон өргөтгөхөд Түүх-нийгмийн ухааны тэнхим болжээ.

1991 онд Улсын Багшийн Их сургууль болоход Түүхийн тэнхимийг байгуулсан байна. Түүхийн тэнхимийг 2000 онд Монголын түүхийн тэнхим, Дэлхийн түүхийн тэнхим болгож өөрчилжээ.  

2014 оны 6-р сарын 11-ний өдрийн МУБИС-ийн захирлын тушаалаар Монголын түүхийн ба Дэлхийн түүхийн гэсэн хоёр тэнхмийг нэгтгэн Түүхийн тэнхим болгожээ.

Өнгөрсөн хугацаанд түүх, түүх-газарзүй, газарзүй-түүх, түүх-пионерийн удирдагч, түүх нийгэм судлал, нийгэм судлал-түүх, түүх-уран зохиол, уран зохиол-түүх, түүх-нийгмийн сэтгэл зүй зэрэг мэргэжлээр олон мянган дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.

 

 

 

Нийгмийн ухааны тэнхим

Анх 1951 онд Улсын Багшийн Институт байгуулагдах үед Түүх, газар зүйн факультетийн харьяанд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Түүх, нийгмийн ухааны тэнхим”-ээс 1965 онд “Марксизм-ленинизмын тэнхим” тусгаарлагдан 1990 оныг хүртэл энэ нэрээр үйл ажиллагаагаа явуулж иржээ.

            1990 оноос Марксизм-ленинизмын тэнхимийг “Нийгмийн ухааны тэнхим” хэмээн нэрлэх болсон бөгөөд 2014 оны МУБИС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу НХУС-ийн нэг тэнхим болж үйл ажиллагаагаа явуулж байна.

Орос хэл, аргазүйн тэнхим

            Манай тэнхим БНМАУ-ын Гэгээрлийн яамны сайдын 1952 оны 8-р сарын 25-ны өдрийн 335 тоот тушаалаар байгуулагдсан МУБИС-ийн ууган тэнхимүүдийн нэг билээ. Орос хэлний багш, орос-монгол хэлний багш, орос-англи хэлний багш мэргэжлээр 2500 гаруй дээд боловсролтой мэргэжилтэнг бэлтгэсэн байна.

2014 онд МУБИС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу НХУС-ийн нэг тэнхим болж үйл ажиллагаагаа явуулж байна.

Англи, герман хэл, аргазүйн тэнхим

Англи хэл, аргазүйн тэнхим нь МУБИС-д анх 1993 онд ерөнхий эрдмийн англи хэлний сургалт явуулахын зэрэгцээ оройгоор англи хэлний орчуулагчийн сургалтыг давхар хариуцан үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Удалгүй ШУБ-ын сайдын 1996 оны 3-р сарын 9-ны өдрийн 84 тоот тушаалаар олгосон тусгай зөвшөөрлийн дагуу англи хэлний багш бэлтгэж эхэлснээр өөрийн харьяаны мэргэжлийн ангитай болж өргөжжээ.

Тус тэнхимийн нэг чиглэл болох Герман хэлний сургалт нь 1999-2000 оны хичээлийн жилд тухайн үеийн МУБИС-ийн ГХС-ийн Англи хэл аргазүйн тэнхимийн харьяанд “Герман – Монгол хэлний багш”-ийн анги нээснээр эх сууриа тавьсан байна.. 2003-2004 оны хичээлийн жилд өрх тусгаарлан 5 багшийн бүрэлдэхүүнтэй Герман хэл, аргазүйн тэнхимийг байгуулсан. ХБНГУ-ын Эрдмийн Солилцооны Алба /DAAD/-ын суурин төлөөлөгч 9 дэх жилдээ ажиллаж байна. 2014 оны бүтцийн өөрчлөлтөөр Герман хэл аргазүйн тэнхим нь Англи хэл, аргазүйн тэнхимтэй нэгдэн сургалт, судалгааны үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Дорно дахины хэл, аргазүйн тэнхим

Тус тэнхим анх 1998 онд УБИС-ийн ректорын тушаалаар Дорно дахины хэл зохиолын тэнхим нэрээр байгуулагдаж, хятад хэлний багш-орчуулагч, япон хэлний орчуулагч бэлтгэж байсан бол 2000 оноос солонгос-монгол хэлний багш, орчуулагчийн анги нээж сургалтын үйл ажиллагаагаа өргөтгөж ирлээ.

2014 онд МУБИС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу НХУС-ийн нэг тэнхим болж үйл ажиллагаагаа явуулж байна.

Англи хэлний тэнхим

Англи хэлний тэнхим анх 1991 онд УБДС-ийн Монгол хэл, уран зохиолын факультетийн Орос хэлний тэнхимийн дэргэд “Гадаад хэлний тэнхим” нэртэйгээр байгуулагдаж байлаа. Тус тэнхим  гадаад харилцаа, үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлж, 1993-1994 оны хичээлийн жилд Англи, хятад хэлний тэнхим, 1997-2000 онд Ерөнхий англи хэлний тэнхим, 2000-2014 онд Англи хэл, америк судлалын тэнхим зэргээр нэрээ өөрчилж иржээ.

МУБИС-ийн 2014 оны бүтцийн өөрчлөлтөөр НХУС-ийн харьяанд төвлөрч, хуучин Гадаад хэлний сургуулийн Англи хэл, америк судлалын тэнхим нь Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхим, Багшийн сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимийн англи хэлний багш нарыг нэгтгэж Гадаад хэлний төв, 2017 оноос Англи хэлний тэнхим болж, сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж байна.

Монгол судлалын төв

Тус төв нь МУБИС-ийн захирлын 2013 оны долдугаар сарын А/141 тоот тушаалаар батлагдсан “Монгол судлалын төв”-ийн ажиллах журмыг үндэслэн 2014 оны есдүгээр сард Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн харьяанд байгуулагдаж, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулж байна.