Танилцуулга

Монгол судлал нь МУБИС-ийн эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэл ямагт байсаар ирсэн билээ. Үүнд бидний өмнөх үеийн ахмад эрдэмтэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд манай улсын Монгол судлалын тулгын гурван чулууны нэг гэгдэх эрхэм алдрыг олжээ. МУБИС-ийн Монгол судлал нь 2003-2014 онд “Монгол судлалын сургууль” гэх нэртэй бие даасан бүрэлдэхүүн сургууль, 2014-2023 онд МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг болох НХУС-ийн харьяанд “Монгол судлалын төв” гэх нэрээр, 2023 оноос хойш мөн эндээ “Монгол судлалын хүрээлэн” нэрээр эдүгээ үйл ажиллагаагаа явуулж байна.  

            2010 онд МоСС-ийн харьяанд “Монгол бичиг соёлын сан”-г анх санаачлан, бичгийн дурсгалын тухайтад байгуулаад, 2024 оноос энэ санг албан ёсоор Монгол судлалын хүрээлэнгийн харьяанд хамааруулан “Монгол ном бичвэрийн хөмрөг” нэртэй болгосон юм. Хөмрөгийг баяжуулах, МУБИС-ийн Монгол судлалын чадавхыг сайжруулах, ахисан түвшний суралцагчид, улсын дотоод, гадаадын эрдэмтдэд ашиглаж хэрэглүүлэх зорилгоор үйл ажиллагааг нь улам өргөтгөн сайжруулж байна.

 

Манай хүрээлэнгийн үндсэн үйл ажиллагааны чиг үүрэг нь: МУБИС-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлээр үндэсний хийгээд олон улсын түвшинд суурь болон хавсарга судалгаа хийх; ижил чиглэлийн судалгаа хийдэг улсын дотоод, гадаадын их сургууль, хүрээлэн түүний нэгж салбартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх; сургууль болон улс, олон улсын хэмжээнд хамтарсан төсөл хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлэх, үр дүнгээ хэрэглээнд нэвтрүүлэх; үндэсний болон олон улсын түвшинд хянагддаг сэтгүүл, хэвлэлийн газарт өгүүлэл, бүтээлээ хэвлүүлэх; МУБИС түүний бүрэлдэхүүний сургууль, улсын болон олон хэмжээнд эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, семинарыг бие дааж, мөн хамтарч зохион байгуулах; МУБИС-ийн эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл, инновацын уялдаа холбоо, үйл ажиллагааны нэгдлийг хангах; залуу судлаач, эрдэм шинжилгээний ажилтныг мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх; нийгмийг соён гэгээрүүлэх болон эрдэмтэн багш нар, ахисан түвшний суралцагчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, лекцийг цувралаар зохион байгуулах зэрэг болно.