МОНГОЛ СУДЛАЛЫН ШИНЭ ЭРИН – 2024

МОНГОЛ СУДЛАЛЫН ШИНЭ ЭРИН – 2024

МУБИС-ийн НХУС-аас 2011 оноос эхлэн “Монгол судлалын шинэ эрин” нэртэйгээр тогтмол зохион байгуулж ирсэн олон улсын эрдэм шинжилгээний хурлын 2024 оны ээлжит хурал 04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт боллоо.

            Энэ удаагийн хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНУУ, АНУ, Канад Улс гэсэн 6 орны 80 орчим илтгэгч судалгааны ажлаа танилцуулж, илтгэл хэлэлцүүллээ.

            Нээлтийн нэгдсэн хуралдаан дээр хурлыг нээж, МУБИС-ийн Ректор профессор Ж. Батбаатар үг хэлэв. Мөн хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж, ОУМСХ-ны ЕНБД профессор Д. Заяабаатар мэндчилгээ дэвшүүлэв.

            Нээлтийн нэгдсэн хуралдаан 5 үндсэн илтгэлтэй байв. Үүнд:

  1. Профессор Ц. ӨНӨРБАЯН “Монгол хэлний хэрэглээ, хөгжлийн чиг хандлага”
  2. Дэд профессор Г. БАТСУУРЬ “Монголын уран зохиол дахь жендэрийн шинжлэл”
  3. Профессор Л. АЛТАНЗАЯА “Монголын хошуу, шавийн харилцааны түүхийн асуудалд”
  4. Дэд профессор С. Амартүвшин, дэд профессор М. Одмандах, доктор Б. Чинзориг доктор Ч. Энхбат нар “Их Монгол улсын үеийн мэдээлэл харилцааны тогтолцоо, түүний нийгмийн үүрэг”
  5. Профессор С. Хөвсгөл “Монгол судлалын шинэ эрин олон улсын эрдэм шинжилгээний хурлын түүхээс”

Тус хурал Монгол хэл шинжлэл, харьцуулсан хэл шинжлэл, Утга зохиол, аман зохиол, соёл судлал, Түүхийн судлал гэсэн 3 салбар хуралдаанаар хуралдав.

“Монгол хэл шинжлэл, харьцуулсан хэл шинжлэл” -ийн салбар хуралдаан үндсэн 12 илтгэл, ханын 11 илтгэлтэй.

“Утга зохиол, аман зохиол, соёл судлал”-ын салбар хуралдаан үндсэн 20 илтгэл, ханын 7 илтгэлтэй.

“Түүхийн судлал” салбар хуралдаан 13 илтгэл, ханын 3 илтгэлтэй.

Хаалтын нэгдсэн хуралдаанаар салбар хуралдаан бүрийн товч мэдээллийг сонсож, илтгэгч нарт Сертификат гардуулав.

“Монгол судлалын шинэ эрин - 2024” хуралдааны үйл ажиллагааг дүгнэж, мөн хуралд оролцогсдод амжилт хүсэж НХУС-ийн захирал дэд профессор Н. Мягмарцоож үг хэлэв.

Н. Мягмарцоож хэлсэн үгэндээ ирэх хичээлийн жилд ахисан түвшний суралцагсад буюу магистрант, докторант нарын дунд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.

Бусад мэдээ